Гарын драйверын тухай маш хялбар

Албан бичгийг галигаар бичдэггүйн адил галигийн сэтгэлгээнээс татгалз. Кирил гарын хэвшсэн сэтгэлгээгээр монгол бичгээр бичихэд хурдан эвсэж хурдан бичдэг нийцтэй давуу талтай.

Монгол бичгээр компьютерт бичнэ гэдэг лайтай ажил. Хамгийн наад захын орхицыг яаж гаргахыг мэдэхгүй таамгаар оролдож бүтэлгүйтэхээс эхэлнэ. Энэ тухай хүнээс асууна, эсвэл заавар бүхий бэлэн материал эх хайж хэсэг нэтээр тэнүүчилнэ. Үнэндээ олигтой сайн материал олдохгүй. Олдсон нэгийг нь уншихад сонсож байгаагүй нэр томьёо, золигийн тусгаарлагч сонгогч ч гэх шиг, нэг л дасаж өгөхгүй будилна. Монгол бичгээ сэргээх гэж байсан дөл эргээд сүүмэлзэнэ, тэгээд унтарна. Цаашаа яана гээч, нөгөө сурах санаатай нэгэндээ монгол бичгээр бичих гэж бүтэлгүйтсэн туршлагаа өнгөтөөр ярина.

Яг үнэндээ дээрх үлгэрийг бичигч би туулаад, замнаад хайран цагаа барж байсан юм. Надтай адил монгол бичгээ сурах, сэргээх гэж байгаа хүмүүс яг ингэж хөглөж л байгаа. Иймээс дараах зүйлсийг тэрлэхгүй аваас зүүдэнд мангаа болж орж ирж айлгаад, тайван унтуулахгүй байна. Миний алдааг хүмүүс давтаж, хайран цаг, хүсэл зоригоо дэмий үрэх вий хэмээн чадах ядахаараа дэс дараатай өнгөтөөр тайлбарлахыг оролдов. Суудал дээрээ тухалж байгаад, анхааралтай тайван уншаарай! Эхлэл зөв тавигдвал бүх зүйл хялбар байдаг.

Монгол бичгийн фонтын тухай өгүүлэх нь

1999 онд эрхэм хүндэт М. Эрдэнэчимэг эгч монгол бичгийг юникод системд бүртгүүлэн, "Мongolian Script" фонтыг хөгжүүлэн, баримт бичгийг бэлэн болгосноор монгол бичгийн цахим хөгжил эх сууриа тавьсан юм. “Traditional Mongolian Script in the ISO/IEC 10646 and Unicode Standards” (Erdenechimeg, Moore et al. 1999). "Мongolian Script" фонтын эрх Болорсофт компанид харьяалагддаг, "Мongolian Script 3.0" хувилбараас хойш шинэчлэгдэж сайжраагүй, нэлээд засвар хийх, нэмэлт дүрэм хийгдэх шаардлагатай.

"Майкрософт" компани "Мongolian Baiti" (Бээжингийн их сургуульд анх бүтээсэн) фонтыг 2007 онд "Виндовс Виста" үйлдлийн системтэй анх нийтийн хүртээл болгож, монгол бичгийн хэрэглээнд их хувь нэмэр оруулсан юм. Гэвч уг үйлдлийн системийн монгол бичгийн гарын драйвераар "Mongolian Baiti" фонтыг ашиглан бичихэд ихэд бэрхшээлтэй, зарим үгийг зөв бичих боломжгүй, буг ихтэй, бас гарын драйверын зохион байгуулалт, байрлал үнэхээр шаардлага хангадаггүй, одоо ч хэвээр байсаар.

2002 онд С. Соёлтын үүсгэн байгуулсан Өвөр Монголын "Мөнхсофт" компани 2003 онд Хөх хотын 20 шилдэг хувийн компаниар шалгарч байсан, Өвөр Монголын Үндэсний их сургуультай хамтран ажилладаг. Тэд монгол бичгийн "Мөнхгал" бүлийн фонтыг хөгжүүлэн, 2013 оны 1-р сард эргэлтэд оруулсан байна. "Мongolian Baiti" фонтоос илт давуу фонтын дүрэмтэй боловч засах шаардлагатай нэлээд буг ажиглагддаг.

"Талчир" хэмээх монгол бичгийн цахим хуудсанд зориулан, Итгэл хэмээх залуугийн хөгжүүлсэн "Багацагаан" фонт нь хром вэб хөтөч дээр буруу дүрслэгддэг, засах шаардлагатай нэлээд ажил бий.

Дээрх хэдэн фонт бүлээс гадна хэд хэдэн тус тусдаа хөгжсөн бүл фонтууд бий.

"МонголТолбо" фонтын бүлийг энэ постыг бичигч би бээр Батжавхаатай хамтран хөгжүүлж байгаа. Энэ фонтыг хөгжүүлэхдээ дараах зүйлсийг баримтлал болгов.

  1. Хувилбар сонгогчууд (FVS1, FVS2, FVS3)-ыг аль болох бага хэрэглэх арга боловсруулж дүрэмлэв. Дүрмийн бусаар бичигддэг монгол үг, гадаад үг бичих дүрэм ашиглах ямар ч тохиолдолд зөвхөн FVS1-ийн тусламжтай шийдэх. Харин FVS2-ыг зөвхөн “Г” үсгийн тусгаар бичигдэх тохиолдолд, "Г" үсэг үгийн дунд, адагт гурван өөр хэлбэрээр орж болох учир гуравдах хэлбэрийг FVS2-г ашиглан гаргана. FVS3-ыг ашиглахгүй байх.
  2. Керн буюу үсэг хоорондын зай - Ихэнх монгол бичгийн фонт үсэг хоорондын зайг сайн тохируулж өгөөгүйгээс десктоп монитор дээр гаргаж уншихад ихэд түвэгтэй, үсэг хоорондоо хэт ойрхон, эсвэл хэт хол, жигд бус тархалттай ажиглагддагаас дизайны шаардлага хангадаггүй. Ялангуяа хэвлэмэл материал дээр маш тод мэдрэгддэг. Бид "МонголТолбо" фонтын үсэг хоорондын зай, дүрслэлт дээр маш их цаг, цаас хэвлэмэл материал зарцуулсан юм.

"МонголТолбо" фонтын бүл нь одоогоор бусад фонтын бүлээс алдаа бага, ялангуяа гадаад үгийг бичихэд нэн хялбар болсон юм. Энгийн хэрэглэгч монгол бичгээ сурахад хамгийн хялбар фонт болсон гэдгийг бардам өгүүлэх байна. Мэдээж алив зүйлс 100 хувь төгс шийдэгддэггүй, цаашид сайжран хөгжиж байх учиртайн улмаас хэрэглэгчийн зүгээс шинэ санаа, ялангуяа илэрсэн алдааг шуурхай зарлаж байхыг хүсэж байна.


FVS, MVS, NNBSP, ZWJ, ZWNJ тэмдэгт, үүрэг, зориулалт

Юуны өмнө монгол бичгээр компьютерт бичиж эхлэхийн өмнө дараах хэдэн тэмдэгтийн үүрэг, зориулалтыг мэдэх хэрэгтэй. Эхлэн бичигчдийн олонх нь эдгээр тэмдэгтийн үүргийг ойлгож мэдэхгүй, шууд бичиж эхэлснээр шантрах тохиолдол гардаг. Дэлгэрэнгүй жишээ тайлбарыг мөн энэ холбоосоор үзнэ үү. "МонголТолбо" фонтын бүл дараах үндсэн зарчмаар ажиллана гэдгийг анхаар. Ажилдаа орцгооё.

  1. Хувилбар сонгогч 1 (FVS1)(ХС1) - Гадаад үгс, зарим нэг дүрэм бусаар бичигддэг монгол үг үсгийн 2 дахь хэлбэрээр солиход хэрэглэнэ. Жишээ нь: Гадаад үгийн “Н” үсэг дусалгүй дүрслэгдсэн тохиолдолд дусал гаргахын тулд ХС1-ийг ард нь бичнэ.
  2. Хувилбар сонгогч 2 (FVS2)(ХС2) - Зөвхөн "Г" үсгийн дунд, адагт орох 3 дахь хувилбарыг сонгож бичих тохиолдолд, мөн "Г" үсгийн тусгаар хувилбарыг гаргахад хэрэглэнэ. Үүнээс өөр тохиолдолд ашиглахгүй.
  3. Хувилбар сонгогч 3 (FVS3)(ХС3) - "МонголТолбо" фонт бүлээр бичиж байгаа тохиолдолд ашиглах шаардлага гарахгүй. Гэвч ХС3-ыг ашиглах боломж бий. Энэ нь тухайн фонтод үсгийн хэлбэр галбирыг өөрчилж, ганган дэгжин загварлаг харагдуулахад хэрэглэж болно. Үүний жишээг дараагийн шинэ гарах фонтод ашиглахаар төлөвлөж байгаа учир тухайн төслийн баримтад тусгах болно.
  4. Дээрх гурван дүрмийг нэгтгэвэл: ХС1 нь үсгийн 2 дахь хувилбарыг сонгоход, ХС2 нь зөвхөн “Г” үсгийн 3 дахь хувилбарыг сонгоход ашиглана, ХС3-ыг ашиглахгүй.
  5. Эгшиг тусгаарлагч (MVS) - үгийн адагт орох "А", "Э" үсгийн цацлага гаргахад ашиглана.
  6. Тасрахгүй богино зай (NNBSР) - монгол бичигт үгийн нөхцөл, дагаварын өмнө хэрэглэдэг.
  7. Зайгүй холбогч(ZWJ) - Нурууны хэвлэгддэггүй хэлбэр юм. Ихэнхдээ үсгийн тусгаар хэлбэрийг гаргахад хэрэглэдэг. Доорх жишээнд ZWJ болон нурууны хэрэглээг үзүүлэв.
    • үсэг + ZWJ(нуруу) = үгийн эхэнд гарах хэлбэр
    • ZWJ(нуруу) + үсэг + ZWJ(нуруу) = үгийн дунд хэлбэр
    • ZWJ(нуруу) + үсэг = үгийн адагт бичигдэх хэлбэр. Энэ тэмдэгт нь "Виндовс 97" баримт боловсруулагчийн бугнаас шалтгаалж алдаатай ажилладаг, анхаарна уу!
  8. Зайгүй таслагч (ZWNJ) - Үг хооронд зайгүй бичих тохиолдолд ашиглана. Үүнийг хэрэглэх шаардлага маш ховор.
  9. Нуруу - Монгол бичигт нуруу гэгдэх тусгай тэмдэгтийг зарим тохиолдолд ашигладаг. Үсгийг эхэн дунд адагт гарах хэлбэрээр бичих, таталган бичиг мэт урт нуруу гаргаж бичихэд ашигладаг. Гэвч нуруу ашиглан үг бичихэд алдаатай бичих магадлал ихсэх учир сайн анхаарах учиртай. Нуруу нь ZWJ-гийн хэвлэгддэг хэлбэр юм. Дээрх ZWJ-гийн жишээг харна уу.

ZWJ, ZWNJ, Нурууг үсгийн тусгаар хэлбэр, үг таслан холбох хэлбэрээр бичихэд ашиглана.  Эдгээрийг эхлэн суралцагч нар монгол бичгээр нэлээд бичиж гаршсаны дараа судлахад их хялбар ойлгомжтой байдаг.

Дээрх бүх тэмдэгтийг эмхэтгээд хялбарчилъя:
  • MVS - ”А”, “Э” үсгийн орхиц гаргах
  • NNBSP - нөхцөлийн өмнө бичих
  • FVS1 - үсгийн хувилбар сонгох
  • FVS2 - зөвхөн “Г” үсгийн дунд, адагт орох 3 дахь хэлбэрийг сонгох
  • ZWJ, ZWNJ, Нуруу - Үсгийн тусгаар хэлбэр, үг таслан холбох хэлбэрээр бичих


Монгол бичгийн гарын драйверын тухай

Дээр олон зүйл нуршсаны учир энд тайлагдана. Яагаад гэвээс монгол бичгээр цахим орчинд бичихийн тулд фонтод агуулагдаж байгаа үсэг, тусгай тэмдэгт (FVS, MVS, NNBSP, ZWJ, ZWNJ)-ийг ашиглан, зөв бичих учиртай. Үсэг, тэмдэгтээ гарын драйверт зөв байрлуулах нь монгол бичгээр түвэг багатай хурдан бичих, тэдгээрийн байрлалыг тогтооход хялбар болно. Иймээс бид гарын драйверын шинэ зохиомж, байрлалыг боловсруулахын тулд олон сар ажилласан юм.

Үүнээс өмнө энд тэнд зохиогдсон гарын драйверуудыг ажиглахад нийтлэг дутагдал ажиглагддаг. Үүнд зарим математик үйлдлийн тэмдэгт болон бусад хэрэгцээт тэмдэгтийг оруулах тохиолдолд латин гараар шилжүүлж бичдэг нь бичих хурд сааруулахаас гадна бичиж буй зүйлээс анхаарлыг чухамдаа сарниулдаг (юу бичиж байгаагаа мартахад хүргэдэг, "онгод үргээх" муу талтай). FVS, MVS, NNBSP тэмдэгтүүд бүгд шифт товчтой зэрэг дарагддаг тул хурдан бичихэд мөн л саадтай. Туслах тэмдэгтүүд ямар нэгэн зүй тогтолгүй замбараагүй байрласан байдаг.

Гол зүйл рүүгээ оръё. Ерөнхийдөө латин болон кирил байрлалыг ашиглан бичдэг 2 янзын дадал байна. Ихэнхдээ блог хөтөлдөг, кирилээр их бичдэг дадалтай хүмүүс кирил байрлалтай гарын загварыг илүүд үздэг. Энэ нь монгол бичгийн үсгийн галигтай сайн зохицдог давуу талтай. Латин гарын байрлалаар анх "Виндовс" үйлдлийн системийн гарын загвараар бичиж хэвшсэн хүмүүс “ханардаг” талтай. Монгол бичгийн үсэгтэй галиг нь зөв давхцдаггүй заримдаа бичигч нар өөрсдөө ч будилдаг тал бий.

Доор гарын драйверын шинэчилсэн загварыг үзүүлэв. Сайн ажигла, харьцуул, аль нь бичихэд хялбар байхыг нягтал. "Виндовс" үйлдлийн системд зориулсан гарын драйверыг шууд татаж авахаар холбоосыг хавсаргав.

Кирил гарын загвар

Responsive image

  Татах Гарын драйвер ("Виндовс" үйлдлийн систем)


Латин гарын загвар

Responsive image

  Татах Гарын драйвер ("Виндовс" үйлдлийн систем)

Ингээд гарын драйверын зохиомжийг хялбархан тайлбарлая. Хэрэв танд нэмэрлэх санал онол байвал бол "Сэтгэгдэл" буланд үлдээнэ үү!

  1. Нэгдүгээр мөрөнд
    1. математик тоон тэмдэгтүүд, математик үйлдэлд өргөн хэрэглэдэг ~ < > % . , * ( ) / + - = тэмдэгтийг гарын драйвер солихгүй бичих боломжийг тусгав. @#&^ тэмдэгт монгол бичгээр бичиж байхад бага давтамжтай тохиолдох учир тэдгээрийг хасаж, математикийн үйлдлийн тэмдэгтүүдийг оруулж өгөв.
    2. Монгол төгрөг , америк долларын $ тэмдэгт нь сонин сэтгүүл, хэвлэл, мэдээлэл, бусад материалуудад өргөн давтамжтай тохиолддог.
    3. Анхаарал !, асуултын ? тэмдэгтийг латин гарын байрлалыг нь хөндөлгүй тавих нь тогтооход маш хялбар болой. Бусад гарын драйверт асуулт, анхаарлын тэмдэгтийн юникод утгыг зөв оноогоогүйн улмаас буруу дүрслэгддэг, өөр фонт руу хөрвүүлэхэд танихгүй эсвэл хэвтээ дүрслэгдэх гэх мэт байж боломгүй алдаанууд ажиглагддаг.
  2. CJK (Chinese Japanese Korean) тэмдэгт - Тодорхойлолт, эш татах, тодотгол бичихэд өнцөгтэй давхар хаалтыг монгол бичигт ашигладаг. Толь бичиг, лавлах, ном, сэтгүүл, хэвлэл дизайны зориулалтаар бусад хаалтыг ашиглахад их тохиромжтой. Эдгээр тэмдэгтүүдийг нэг мөрөнд байрлуулах нь тогтооход хялбар байх болно.
  3. NNBS, MVS, FVS1 тэмдэгт
    1. Нөхцөл тусгаарлагч зай NNBS, Эгшиг тусгаарлагч MVS, Хувилбар сонгогч 1 FVS1 нь дарагдах давтамж өндөр учир шууд товчинд байрлуулсан юм. "Виндовс" үйлдлийн системийн үндсэн монгол бичгийн гарын драйверт үүнийг Shift товчтой давхар ашигладаг.
    2. FVS1 - Үсгийн хувилбарыг сонгох. Гадаад үг бичихэд их давтамжтай хэрэглэгддэг учир шууд даралтай товчинд оноов.
    3. FVS2 - Зөвхөн “Г” үсгийн тохиолдолд ашиглах тул "Г" үсгийн шифттэй байрлалд нь оноов. Ингэснээр FVS2 товчлуурын тухай ойлголтыг маш хялбаршуулах болно.
    4. FVS3 - Шифттэй байрлалд FVS2 товчлууртай зэрэгцээ байрлуулах нь байрлалыг тогтооход хялбар байх болов уу. Үүний ашиглаж болох үүргийг дээр дурдсан билээ.
  4. Нуруу, ZWJ, ZWNJ, Soft Hyphen
    1. Эдгээрийн үүрэг ерөнхийдөө төстэй учир зэрэгцээ байрлуулав.
    2. Зайгүй таслагч тэмдэгтийг ZWNJ маш ховор тохиолдолд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл зайгүй Space гэж ойлгоход юунд хэрэглэж болох нь ойлгомжтой.
    3. Soft Hyphen - Үүрэг нь үг таслагч, дараагийн мөрөнд шилжүүлэх. Үүнийг аль болох хэрэглэхгүй байх, анхааралгүй хэрэглэвэл үсгийг буруу дүрслэх "аюултай".



Монгол бичгээр анхлан бичигчид аль гарын загварыг сонгох вэ?

Олонх хүн монгол бичгээр анхлан бичиж эхлэхдээ "Виндовс" үйлдлийн системийн монгол бичгийн гарын драйверыг ашигладаг. Үүнийг ашиглахаас аль болох татгалз. Мөн дээр зохиогдсон латин гарын драйверыг ашиглахаас ч татгалз. Их гүрний даралт дор кирил бичиг рүү шилжиж, монгол бичгийн хэрэглээг эрс багасгасан гэхээс хос бичигтэй улс шүү дээ, монголчууд. Монгол үгийг латин загвар ашиглан, монгол бичгийг галигаар бичих муу зуршлаас татгалзан зөвхөн кирил загвараа баримтлан бичиж сурах нь таван сумыг нэг дор нуга дарах адил хялбар. Дээр нь гар дээр нь элдэв кирил үсэг монгол үсэг өрж наах ч шаардлага байхгүй, тавхан өдөр балбахад л шажигнуулдаг болно. Насан туршын сайн дадалтай болох чинь танаас шалтгаална. Үгүй бол товчлуураа тоншоод үсэг нь унангуут шүлсдэж байгаад наах нь таны л сонголт л доо. Албан бичгийг галигаар бичдэггүйн адил галигийн сэтгэлгээнээс татгалз. Кирил гарын хэвшсэн сэтгэлгээгээр монгол бичгээр бичихэд хурдан эвсэж хурдан бичдэг нийцтэй давуу талтай. Одоо цагт бүх төхөөрөмжид кирилээр бичих боломж бүрдсэн, цаашлаад монгол үгээ латин үсгээр галиглалгүй кирил монголоо ашиглан бичиж цаад уншиж байгаа хүнээ хүндэтгэх нэгэн ёс зүй бүрэлдэж байгаа юм. Энэ хүртэл бичсэний хувьд өөрийн бодлоо илэрхийлэх сайхан боломж гарсныг ашиглав, ойлгож тунгаана биз, эсэргүүцэх аваас баталгаагаа сайхан бичээд тавиарай, мэтгэлцье!


болон бичлэг

Асуулт, Хариулт