Монгол бичгийн фонт Бүтээхүй

Кerning тохироогүй тигээр хэвлэсэн текстийн үсэг, хоорондын зай зохицоогүйн улмаас, уншихад нэн түвэгтэйгээс гадна нүдэнд халгаатай байдаг.

Монгол бичиг нь Монгол хүний ахуй, амьдрал философитой салшгүй холбоотой, олон зууны турш асар уудам нутагт тархан суух монголчуудын эв нэгдэл, соёлыг зангидаж байсан, бичгийн өв соёл билээ. Технологийн эринд монгол бичгийн фонт(бар) бүтээж удамшуулан хөгжүүлэх, түүнийг бодлогоор дэмжин, бичгийн соёл уламжлалаа тасалдуулахгүй үргэлжлүүлэх үүрэг Монголчуудын өмнө бий. Үр дүнд монгол бичигтэй холбоотой агуулгын үзэмж дизайны агуулга баяжиж, хэрэглээ нэмэгдэх ач холбогдолтой.

Нэг үеэ бодвол Монголд шинэ үсгээр хэвлэгдэж байгаа ном хэвлэлийн дизайн, үсгийн хэв загвар сонголтод тавигдаж байгаа шаардлага алхам алхмаар сайжирсаар. Гэвч монгол бичгээр бүтээгдэж байгаа агуулгад шаардлага хангасан монгол бичгийн фонт үнэхээр дутагдалтай байгаа. Сайн загвартай тиг -- сайн дизайн -- ном, сэтгүүл, бүтээгдэхүүнийг чанаржуулдаг, үнэлэмжид хүчтэй нөлөөлдөг, хэрэглэгчийн гоо сайхны мэдрэмжийг сэдрээж худалдах авах хүслийг өдөөдөг. Энэ шаардлагын улмаас юу дутагдалтай байгааг зарим уран бүтээлчид мэдэрч монгол бичгийн фонт бүтээхэд дархан ухаанаа уралдуулахад бэлэн байгаа гэдэгт итгэдэг. Фонт бүтээх тухай, хэдэн залуус надаас санаандгүй ч, санаатай ч асууж байсан. Би тэдэнд бага боловч туслах зорилготой, ямар програм хангамж, юу мэдсэн байх, ямар бэрхшээл тохиох гэх мэт товчхон ойлголтыг багцлан хүргэж байна.

Монгол бичгийн фонт бүтээх нь эх бичиг соёлдоо их хувь нэмэр оруулж байгаа сэтгэлийн их өгөөмөр хандив гэж би хувьдаа ойлгодог. Сурсан зүйл, шинэ нээлт, арга барилаа нийтэд таниулж ойлгуулах нь монгол бичгийн хөгжилд их хувь нэмэртэйг ойлгож санаж явах. Нэмж хэлэхэд энэ бичлэгийг уншсаны дараа, та үнэхээр фонт бүтээхийг хүсэж байгаа бол, би энэ салбарт хувь нэмрээ оруулж, хөгжүүлж чадах уу, эсвэл дунд нь шантран орхиж цагаа үрэх болов уу гэдэг асуултад сайн бодож хариулаарай.

Хүн бүр сургуульд орж А үсэг сурахдаа бичмэлээр сайхан бичих “урлагт” шамддаг. Энэ бол Calligraphy-н үндэс. Calligraphy бол бийр, үзэг цаасыг салгалгүй уран сайхан бичих урлаг. Цаашлаад дунд сургуульд техникийн шугам зургийн хичээлд стандартын дагуу техникийн өгөгдлийг шрифтээр (Lettering-н үндэс) сайхан бичих дадлыг заадаг. Энэ төрөл нь лого зохиож зурах, нэр үгийг сайхан зохиомжтой фантазлан бичих гэх мэтээр цааш хөгжинө. Энэ дадал чадвар нь фонт бүтээх үндсэн тулгуур болдог. Урьд 1980 оны үед мэргэжлийн шрифтийн орос хэл дээр хэвлэгддэг сэтгүүл Монголд ирдэг байсныг Хэнтий аймгийн Урагшаа сонины хэвлэх үйлдвэрт ажилладаг ах минь авчирч надад танилцуулснаар энэ Lettering-ийн урлагтай алба ёсоор танилцаж анхны мэдлэгтэй болж байв. Уг сэтгүүлд босоо налуу үсгийн ялгааг харуулсан үсгийн загварууд, шрифтийн төрөл зүйл, олон янзын хэлбэрүүдийг маш өндөр чанартай хэвлэн нарийн ухлаадсуудыг үзүүлснийг дагаж дуурайн бичих дадал хийдэг байв. Энэ дадлыг “А” хэмээн нэрлэе. Уг дадал тиг(typeface) бүтээх үндсэн суурь болж өгдөг.

Хоёрт миний үндсэн мэргэжил програм хангамжийн “В” мэдлэг “А” ухагдахуунтай хавсарснаар вэб хуудас бүтээх хобби уруу халтирч, вэбийн хуудас бүтээхэд ямар загвар тиг тохиромжтойг нэлээд нухацтай судалж “С” хэмээх ойлголттой болов. Энэ ойлголт алив юмсын зүй тогтол гоо зүй дизайныг ойлгоход тусалдаг.

Фонт бүтээхэд дараах дараалал эхлэн суралцагчдад хурдан сурах, шаардлага хангасан бүтээл туурвихад хялбар зам болох биз.

  1. Typography-ийн үндэс, онол.
  2. Fontforge програмтай танилцах, бүх үйлдлүүдийг сурах.
  3. Opentype фонтын үндсэн ойлголт.
  4. Unicode-н монгол бичгийн баримтуудтай танилцсан байх.
  5. Вэб хуудас бүтээх HTML5, CSS-н мэдлэг.
  6. Opentype features-ийг CSS-тэй холбож вэб хуудсанд дүрслэх, алдааг хянах, засах, удирдах.
  7. Үсэг, үг уншигдах чадвар хамгийн сайн байхаар зохиомжлох, нүдээ дасгалжуулах.

Эдгээрийг “D” хэмээх цогц дадал мэдлэг хэмээе. Эдгээрээс ихэнхийг бие дааж сурах шаардлагатай. Харамсалтай нь Монголд энэ чиглэлээр системтэй заах курс, эсвэл сургууль байхгүй л болов уу.

Фонт дизайнер монгол бичгээ уншиж чаддаг байх, зөв бичгийн дүрэм болон дүрсийн хоорондоо холбогдох зүй тогтлыг ойлгосон байх. Ялангуяа гар бичмэл бар хийхэд тун хүнд, зурлагуудын холбоосыг зөв дүрслэхэд сэтгэмж, махруу хөдөлмөр шаардана. Цаашлаад зөв бичгийн дүрмээр үсэг зөв илрэх алгоритмын дарааллыг тархиндаа зураглан хадгалсан байх. Яг програмчлалын бодлого бодохтой адил. Тухайн өгөгдсөн даалгавраар бар бүтээхэд, жишээ нь “бо” гэсэн дараалсан үсгийн хэлбэрийг орлуулах аргаар зөв дүрслэх гэх мэт техник аргууд их хэрэглэдэг тул үүнийг өөрийн болгоход маш их цаг зарцуулдаг. Нэг ёсондоо тиг болгонд өөр өөр холбох орлуулах арга хэрэглэдэг. Үүнийг "Е" мэдлэг гэж нэрлэе.

Дээр нь олон загварын тиг боловсруулж цаг хугацааны явцад олж байгаа дадлаа урьд хийж байсан загвар дээрээ дахин ажиллаж сайжруулах аргаар хийж байгаа загвараа төгөлдөржүүлэх. Хэдий олон тиг загвар зохионо, төдий чинээ бүтээлч шинэлэг сэтгэлгээ хөгжинө. Фонт дизайнер тухайн зах зээлийн шаардлагад ямар загварын фонт хэрэгтэй байгааг мэдэрч шинээр бүтээх мэдрэмжтэй болсон байх ёстой. Мэдээж ганц дизайнер олон зүйлийг төгс хийж амжихгүй. Хэрэв үнэхээр монгол бичгийн фонт хөгжүүлэхэд “цаг заваа” зориулах гэж байгаа бол дээрх дадал мэдлэгүүдийг эзэмших хэрэгтэй. Цаашлаад бие дааж өөрийгөө хөгжүүлэх “F” чадвар, мөн шинэ арга зам хайж тухайн салбарыг хөгжүүлэгч тэргүүлэгч байх чанар. Энэ чадварыг эзэмшсэн хүнийг мастер гэе, гэдэг. Төгсөрөх нь хаашаа юм түүн рүү дөхөхөд (ABCDEF) адаглаад хорин жилийн туршлага хөдөлмөр дадал хэрэгтэй. Хааяа төгсөрсөн олон сайн дизайнеруудын ярилцлагыг уншиж тэднээс эрч хүчээ цэнэглэж, тэдний философоос хэрэгтэйгээ тусгах гэж оролддог. Тэднээс эрч хүч авч байгаарай.

Фонт бүтээхэд ямар багаж хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт, Би Linux үйлдлийн системийг ашигладаг. Үүнээс Ubuntu хэмээх ҮС-н олон хувилбарын аль тохиромжтой таалагдсанаа сонгож болно. Учир нь бидний хамгийн гол багаж Fontforge хэмээх үнэгүй фонт зурж үүсгэх програм хангамжийг эндээс татан авч зааврыг даган суулгахад хүндрэл гарахгүй, харин бусад Linux ҮС-н хувилбаруудад суулгах үйлдэл өөр байх учир асуулт нь ярвигтай. Хэрэв уг Ubuntu ҮС таны хувьд цоо шинэ бол, ҮС-тэй танилцах програм татаж суурилуулах ажиллагаа суулгаж байгаа хэрэглэгчийн туршлагаас хамаарах учир уг ҮС-г мэддэг залуусаас зөвлөгөө туслалцаа авах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд үүнээс өөр багаж бүтээх хялбар, найдвартай арга зам байхгүй л болов уу. Учир нь би хувьдаа Виндовс үйлдлийн системд итгэдэггүй, вирус, нууцлал, гэнэтийн доголдол гэх мэтээс хэдэн жилийн хөдөлмөрөө үгүй хийхийг хэн хүсэх билээ. Виндовст мөн ч олон удаа чадуулж байсны хувьд Linux ҮС рүү шилжсэн юм. Хоёрт, багадаа 27 инч түүнээс дээш диоганалтай монитортой байх, учир нь хөдөлмөрийн бүтээмж, алдаа илрүүлэх, дүрсийн уншигдах чадварыг шалгахад нэн тохиромжтой.

Фонт бүтээх дараалал

Шинэ загвараа дөрвөлжин шугамтай цаас ашиглан үсэг холбоос бүрийг техникийн талаас нь шийдсэн эхний ноорог бэлэн болгоно. Хоёр дахь ноорогт “Хөвсгөл, Монголын, Чингис хаан, Дагшин, Баатар, Хүннү” гэх мэт шалгах үгийг бичиж нуруу, шүд, шилбэ, гэдэс, сүүл, цацлаганы харьцаагаар ерөнхий засал, нэмэлт зурлага(glyph), хос зурлага(ligature) зурна. Энэ үйлдлийг “Тиг” бүтээх гэнэ. Үүний дараа сканераар файл болгон Fontforge руу оруулан зурлагуудыг тус бүрээр дагаж зурна. Эндээс тигээр бар бүтээх явц эхэлнэ. Font гэдэг нь хэрэглэгч Typeface хоёрыг холбогч төхөөрөмж, мэдээллийн файл юм. Зарим зурлага бар(фонт) бүтээж байх явцад засагдаж бас сайжирч байдаг. Тигийн загвараас шалтгаалан зарим зурлагуудыг зөв холбох, солих, давхар үсгийн нийлэмжээр орлуулах гэх мэт нэмэлт засал, тохируулгатай зурлагуудыг, Opentype дүрмийн дагуу санд өгөгдлүүдийг дүрслэх аргыг бичнэ.

Kerning буюу үсэг хоорондын зайг зөв тохируулах. Үүнийг мөн програмын аргаар давхар шилбэ хоорондын зай хэдэн нэгжээр ойртуулах, холдуулахыг зааж тодорхойлдог. Кerning тохироогүй тигээр хэвлэсэн текстийн үсэг, хоорондын зай зохицоогүйн улмаас, уншихад нэн түвэгтэйгээс гадна нүдэнд халгаатай байдаг. Монголтолбоос бусад тигүүдэд энэ аргыг ашиглаагүй байгааг ажиглаж болно. Дасгалжаагүй нүд энэ дутагдлыг илрүүлж чаддаггүй.

Эдгээр дарааллын дагуу фонт бүтээхэд чанартай бүтээл гарах үндэс болно. Мөн фонт бүтээх аргыг нэг бүрчлэн тайлбарлан хичээл бичих боломжгүй учир энэ хүрээд төгсгөе. Монгол бичигтэй холбоотой санаа оноо бодож байдаг зүйлсээ доор бас сийрүүллээ. Уншигчид хандаж санаж бас ойлгох талаас нь бодоосой гэж бяцхан мэссэж үлдээж байна. Энэ бол зөвхөн миний үзэл бодол, зөв ч байх албагүй буруу ч байх албагүй. Хариу болгож зөв асуулт тавьж зөв чиглэл рүү маргааныг соёлтой хандуулж гарах гарц санал болгож, бас ярилцаж болно шүү.

Шинэ тиг зохиоход программын аргаар шинэ фонт зохиох боломжтой юу?

Тайпограф = урлаг + шинжлэл ухаан. Үүнтэй адил гэрэл зурагт яг ийм тодорхойлолт өгч болно. Хиймэл Оюун(ХО) хэдий амжилттай хөгжиж байгаа ч хүний сэтгэмжээс илүү зохиомжлох бүтээлчээр хандаж чадахгүй л болов уу. Үүнтэй адил фонт бүтээх нь дээрх хариулттай ижил, урлаг бол мэдрэмж бас бүтээлч сэтгэхүй байгаль эхийн бүтээсэн тархин дахь гайхамшигт химийн процессийн хөгжил бүлгээ. ХО-нд нэгдүгээрт хангалттай өгөгдөл, хоёрт програмчлалын өндөр төвшний бүтэн баг бүрдсэн байх ёстой.

Стандарт

Эцэст нь монгол бичгийн хөгжил сул байгаа шалтгаан нэгдүгээрт мэргэжлийн сургуулиудад энэ чиглэлээр дагнасан мэргэжлийн ангигүй байхгүй, хоёрт засгийн газраас бодлогоор монгол хэлний хуульд нэгт заасан нэмэлт зүйл анги оруулж дэмжүүлээгүй, гуравт монгол хэлний тухай хуулийн мэргэжилтнүүдэд монгол бичгийн цахим хөгжлийг техник талаас нь сайн ойлгуулж чадахгүй байгаа, монгол хэлний мэргэжилтнүүд техникийн мэргэжилтнүүдтэй ширээний ард сууж ойлголцож нягт хамт ажиллаж, монгол бичгийн стандартыг Монгол улсын өөрийн ашиглаж байгаа дүрэм хэлнийхээ зүй тогтлын дагуу бүтээх шаардлагатай байна. Монгол бичгийн цахим стандартгүй байгаа байдал нь монгол бичгийн фонтын хөгжил, фонт дизайнеруудын бүтээлч сэтгэлгээ авьяасыг боомилогч том саад, стандартаа батлах нь тэдний хаалттай сэтгэлгээ задран “монгол дархны ур” ухааны чадварыг ашиглах, цаашлаад Өвөр-монголчууд Монголын стандартын дагуу фонтоо бүтээгээд нэгдэх боломжтой гэж ойлгодог.

Хачир

alt text

Исаак Асимов. Шинжлэх ухаан, фантаз, уран зөгнөл, харь гариг, сайн санаат роботын тухай үлгэр зохиолдоо, ирээдүйд ямар технологи нэвтрэх, хүний амьдралд гарах өөрчлөлтүүд, зэвсгээр биш оюунаар тулалдах, хүн төрөлхтний дайсан хүн өөрөө -- чиглэлээр зохиол бичдэг билэг авьяаст зохиолч. Тэр төсөөллөөрөө амьдардаг, төсөөллөө ном болгож, одоогийн технологийн суутнуудын хүүхэд үеийнх нь фантази сэтгэлгээнийх нь эцэг нь болж, тэдний төсөөллийг чиглүүлж баадуудаж өгсөн эрхэм билээ. 1960 онд “Fantasy & Science Fiction” сэтгүүлд ‘’Those Crazy Ideas” нэртэй эсээ нийтлүүлэв. Мянга есөн зуун жаран онд шүү, одоогийн Гүүгл, Амазон, Микрософт, Фэйсбүүк-н эзэд, Лайнус Торвалдс, Элон Маск нар түүний төсөөллийг биелүүлэхийг “урьдчилан мэдэж”-- Дарвины хувьслын зарчим, байгалийн шалгаралтай харьцуулан эдгээр суут бодгалиудын урьдчилан төсөөлөх чадвар, тухайн түүхэн үеийн тааламжтай хөрс суурь, цаашлаад хувь тавилангийн аз эзийн давхцал ямар чухал болох тухай -- Асимовын “Theory of creativity”-ийн үндэс гэгдэх суут эсээг бичсэн юм. Маш сонирхолтой. Гайхалтай. Энэ эсээг уншихаасаа өмнө түүний товч намтрыг заавал уншаарай. Цаанаасаа заяат төрсөн хүмүүн байж гэмээр. ‘’Those Crazy Ideas” холбоосоор татаж авч унших. Монголын ирээдүйд эзэн суух хүүхдүүд түүний бичсэн шиг гайхамшигтай уран төсөөллийг хөгжүүлдэг, мөрөөдлийг нь чимхдэг, тэднийг догдолж дороо дэвхэцтэл тэмүүллийг нь оргилуулж чаддаг тийм ном зохиолоор маш их ангаж байгаа. Түүний ганц ном Монголд орчуулагдаж хэвлэгдсэнийг эс тооцвол футурустик, фантази чиглэлийн ном сэтгүүлийн зах зээл хангалттай байна шүү, орчуулагч нарт санал болгоход. Тэр үеийн Америк багачуудын мөрөөдөл улсаа технологийн тэргүүлэгч байхад чухам нөлөө үзүүлсэнтэй хэн ч маргахгүй. 2030 онд Марс дээр хүн амьдарч эхэлнэ гэж Маск баталгаатай ам шүдээ өгсөн. Асимовын хүүхдүүд чадна.

Яагаад би түүний энэ эсээг уншихийг санал болгов. Монгол бичгийн фонт бүтээх тухай бичих санаа төрж байхад ямар аргаар бичих вэ гэж; ‘’Those Crazy Ideas” нөлөөлсөн юм.

болон бичлэг

Асуулт, Хариулт