"МонголТолбо" фонт мэндэллээ

Тэртээ 13-р зуун. Дэлхийн бодлогыг монгол бичгээр тунхаглаж байсан цаг.
Бидний бахархах ёстой зүйлийн нэг ...

Эхэнд өгүүлэх нь, яагаад ...

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, цахим орчинд монгол бичгийн агуулга боловсруулахад юун түрүүнд бичихэд хялбар монгол хэлний үгийн санг алдаагүй төгс төгөлдөр бичиж чаддаг дүрэмтэй монгол бичгийн фонт (МБФ) зайлшгүй хэрэгтэй байна. Монгол бичгээ дэлгэрүүлэхийг хүсдэг хүн бүхэн ганц л зүйлийг хүсдэг, түүний хариу эзгүй хээр хашгирахтай адил. Ер нь МБФ зохиож түүнийг сайжруулж явах нь хэний үүрэг вэ? Үүнд хэн ч хариулаагүй, хариулах ч албагүй юм шиг. Хэрэглэгчид МБФ хөгжүүлэгчээс дараагийн сайжруулсан хувилбарыг тэсэн ядан "бэтгэртэл" хүлээсээр суудаг. Тэд монгол бичгээр баримт боловсруулах гэж яаж хөглөж, аргалж, хакдаж, алдааг нь зураг боловсруулагчаар янзалдаг гэвээс нэн өрөвдөм. Монгол бичиг олон зуун жил Монголын төрийн бичиг байсан шүү гэхээс хэн нэгний өмнөөс санаа зовмоор. Монгол бичгийн фонт хөгжүүлэх шалтгааны Уяаны үзүүр" эндээс эхтэй.

Гарц

Эрдэнэчимэг тэргүүтэй багийн боловсруулсан монгол бичгийн "Mongolian Script" фонтын дүрэм дээр суурилсан хэд хэдэн фонт бий. "Mongolian Script" фонтын эрх "Болор Софт" компани руу шилжсэн. Тэд ашгийн төлөө ажиллах учир фонтын хөгжүүлэлт дээр ашиггүй хөрөнгө хаяж ажиллах албатай ч юм уу. Тэднээс МБФ-оо сайжруулаач ээ гэж шаардах ёстой ч юм уу гэх мэт олон зүйлд тархиа гашилган бодсоны эцэст бид өөрсдөө МБФ-оо хөгжүүлэх, гэхдээ хэнээс хэнээс...
...хамтран ажиллах хүсэлтийг минь Батжавхаа дуртай хүлээн авав. Бид бөмбөрцгийн 2 талд амьдардаг бие биенээ танихгүй ч, элдэв нөхцөл, тохиролцоо ярилгүйгээр шууд ажилдаа орсноос хойш 4 сар хэдийн өнгөрчээ. Батжавхаа одоогоор хэрэглэгдэж байгаа бүх МБФ-ын алдаа дутагдал, давуу чанарыг нэвт сайн мэддэг, цаашлаад монгол бичгээр гадаад үг бичихэд онцгой анхаарч дүрмүүдийг боловсруулсан юм.

Монгол бичгийн ирээдүй

МБФ-ыг стандартын дагуу зөв хөгжүүлбээс аливаа вэб апликэшн, вэб хуудсанд жаваскрипт, программын хэл, нэмэлт залгуур ашиглалгүй дүрслэл болон агуулгыг алдаагүй боловсруулах, монгол бичгээр блог, тэмдэглэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх, түүнд хайлт боловсруулалт хийхэд саадгүй боломж бүрдэх юм. Монгол бичгээс кирил рүү, мөн урвуугаар алдаагүй нягт хөрвүүлэг хийх, эндээс монгол бичгийн дүрмийн логикийг ашиглан цахим орчуулга хийвээс илүү төгөлдөр болох юм "уул нь". HTML5, CSS-н технологид тулгуурласан вэб программ хангамжийн (WebApplication) эрин үе нөмөрч байгааг анзаарч түүнд тулгуурлан МБФ-ыг хөгжүүлэх ёстой. Энэ бүхнийг дан ганц сайн дурын хөгжүүлэгчдэд даатгана гэвэл төр засгийн алсын хараагүй бодлого болж, монгол бичигтэй холбоотой хууль гаргаж хэрэгжүүлэхийн үр шим үгүй болох байх шүү!.

Цаашид ямар бодлого баримтлалтай байх ёстой вэ? Монгол бичгийг цахимжуулахад ахин 99 хувийн нүсэр их ажил хүлээж байна, хэрэв хүсвэл шүү. Бид технологийн зуунд амьдарч байгаа юмсан.

Хэдүүл жаахан мөрөөдвөл, Ямар мөнгө төлөх биш

Ирээдүйд сурагчийн ширээн дээр монгол бичгээр бичиж байхад эгшиг тусгаарлагч, төддүгээр хувилбар сонгогч ашиглаж бичнэ гэсэн дүрэм заахгүйгээр бичүүлэхийг хүсэж байна. Гар утас, таблет, компьютерт монгол бичгээр түвэггүй уншиж бичдэг, оуюнтнууд нь монгол бичгийн гар бичмэлээ текст рүү хөрвүүлдэг, хуучны судар ном бичиг олдворуудыг тоон хэлбэрт хөрвүүлээд ГанжуурВикигээс хайлт хийгээд уламжлалт соёлоо мэдчихдэг байвал. Мэдээж шууд орчуулга төвөггүй хийгдэнэ, ярианы агуулгыг шууд ойлгон интернэтээс хайлт хийгээд эргүүлэн монгол бичгийн техтээр үр дүнг харуулна. Хэн нэгний монгол бичгээр бичсэн блогийг кирил, англи дуртай хэлбэрээр уншаад л.

Эцэст нь

Монгол бичгээ төрийн бичигтэй зэрэгцээд хэрэглэхэд садаа болох зүйл огт үгүй. Харин ч хос бичгийн давуу талтай болно, гайхуулна, дезайны чиг хандлага хөгжилд их нэмэртэй, монгол хүний ахуйд анги сайхан зохицдог бөлгөө. Зарим гэж ихэнх хүмүүс энэ талд их буруу ойлголттой, тэдний садаа болох юм шиг "ухуулга" хангалттай сонсогдож байна. Тэр хүмүүс монгол бичгээ хэрэглэх алба үгүй л дээ. Харин хэзээ нэгэн цагт тэд өөрсдөө монгол бичгээ мэддэггүй байдлаасаа ичих байх. Тэртээ 13-р зуунд дэлхийн бодлогыг энэхүү бичгээр тунхаглаж байсан. Бахархах ёстой зүйлийн нэг.
"Монгол хэлний тухай хуулийн төсөл"-д байгаа "мөрөөдлийн" сайхан заалтуудад бидний хөгжүүлсэн монгол бичгийн фонт тус болох байх хэмээн итгэнэ. Энэ хуулийн ачаар монгол бичгийн хөгжил багагүй тод гэрэлтэж эхлэх аядана.  Хаа нэгтээгээс салхи сэвэлзэн галын дөлийг сэвэх вий. Анхаарал тавьсанд баярлалаа.

болон бичлэг

Асуулт, Хариулт