Хавар ирлээ шүү

Хавар цагт зэрлэг цэцэгс өнгөө гоогоо ид гайхуулдаг цаг. Энэ үед байгалын сайхан цогцолсон газар руу аялж цэцэгсийг уул хад, гол нууртай хослуулж, өргөн тал, мал айл хотолтой зохиомжилж урлагийн бүтээл хий. Дурсгалт байшин барилга, усан оргилуур, хөшөө дурсгалын бүтээл орчим цэцгийн мандлыг анхааралдаа ав.

Цэцэг ургамалын зурагт макро дуран ашиглах нь сонирхол татахуйц дахин давтагдашгүй өвөрмөц зохиомж бүтээдэг учир эхлэн суралцагч нар үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ салбар гэрэл зураг бол ерөнхийдөө макро орчин. Ингээд товчхон ямар арга барилаар макро зураг бүтээх тухай бичье.

Фокусын зай бага, талбарын гүн нь бага байхаар зохиомжил. Энэ үед хүрээндээ зохиомжийг найруулахад нэлээд хөдөлмөр орно. Арын дэвсгэрт анхаарлаа хандуулж фокусыг дээд зэргийн сарнилттай байхаар зохиомжил. Ингээд зохиомжийн аль хэсэгт фокус тааруулах өөрөөр хэлбэл илэрхийлэх өгүүлэмжээ тодотгох, энэ тодотголоо хэр өргөнөөр илэрхийлэх буюу талбарын гүнийг сонгох. Камерын тохиргоог (Av) Aperture Priority горимд шилжүүл. Дурангийн өрцний хамгийн их нээлттэй дугаарыг сонгож зураг ав. Дараалан өрцний нээлтийг багасга, дахин турш. Таны авсан зурагны найруулгын алдааг камерын дэлгэц сайн харуулж чадахгүй учир талбарын гүнийг өөр өөрөөр найруул. Дараа нь том дэлгэц дээр зөв зохиомж бүхий талбарын гүн, фокустай зургаа сонгох учиртай.

Зураг авахад анхаарах зөвлөмжүүд

  • Гурван хөлт, Кабел удирдлага ашигла.
  • ISO мэдрэмж хамгийн бага дээр тохируул, ихэсгэж үз.
  • IS зураг тогтворжуулагчийг идэвхгүй болго.
  • Камерын тохироог Av (Aperature Priority mode) горимд шилжүүл.
  • Толио түгж.
  • Зургийн форматаа RAW горимд тохируул.
  • Гэрэл ойлгогч ашиглан цэцгэн дээр тусах гэрлийн тусгалыг удирдах.
  • Салхитай үед зураг бүү ав, салхи намжихыг хүлээ. Хүлээ, эс бол салхины чиглэлийг хааж өг.
  • Хэрвээ танд макро дуран байхгүй бол нэгэн төрлийн хак арга санал болгоё. Энэ бол дурангийн урд тавьж томруулдаг шил маягаар ашиглаж болдог макро филтер юм. +1 +3 +5 +10 гэх мэтчилэн нэрлэнэ. Макро дурангийн фокусын зай ойр байдаг учир хийх технолог нь дурангийн өртөгийг ихэсгэдэг. Иймээс хямдхан макро филтер ашигла. Дутагдалтай тал нь зургийн захын мужууд дээр Сhromatic Aberration их үүсгэдэг.
  • Хэрвээ нартай өдөр зураг буулгахаар бол үд дундын нарнаас аль болох зайлсхий. Энэ үед (контраст ихтэй байх учир) гэрэл сүүдрийн ялгаа хэт их байх учир таны зураг шилдэг нь байж чадахгүй. Үнэхээр ахин олдох боломжгүй тохиолд сүүдрэвч ашигла. Нарны ойлгогчоо ашиглан сүүдэрлэн зурагла. Ихэнх тохиолдолд бүрхэг өдөр эсвэл нар нэлээд доошилсон, нар ургаж байгаа үеийн зургууд шилдэг нь байж чаддаг.

Зургийн зохиомж

  • Камер болон цэцгийн хоорондох өнцгийг янз бүрээр турш. Эгц дээрээс хажуугаас бас доороос туршилт хий.
  • Цэцгэн дээр ус шүршиж өглөөний шүүдэр буусан мэт, эсвэл борооны дараах байдлаар буулгаж туршилт хий. Усны оронд өөр тунгалаг тос мэтийг ашиглаж болно. Мөн цэцгэн дээрх усны дусал дээр өөр гэрлийн үүсгүүрээс гэрэл ойлгон зохиомжил.
  • Эрвээхэй, зөгий, ялаа, шумуул, тэмээлзгэнэ бусад шавьжийг зохиомждоо бодолц. Азтай агшин таарахыг хэн мэдлээ. Яагаад могойг оролцуулж болохгүй гэж. Бас хөөрхөн алаг цохнууд. Аалз, тортойгоо байвал бас л сайхан бүтээлч эрэл хайгуул болно.
  • Арын дэвсгэрийг зохиомжилж зургийн төлөв өнгө араншинг удирдах. Арын дэвсгэрийг хөнгөн цагаан цаасаар орлуулж орчны цаг агаарыг өөрчилж болно. Мөн өнгөний уусалттай материал ашиглан арын дэвсгэрийн гэрлийг удирд. Арын дэвсгэрт өөр цэцэг навч, зохиомжид сайнаар нөлөөлөх бусад өнгөтэй ургамалыг хамруул.
  • Нар ургах болон нар шингэх цагийг түлхүү сонго. Энэ үед шууд нарны тусгалыг ашиглахад өнгөний гайхалтай өөрчлөлт, урлагийн орь ганц бүтээл барих боломж бий.
  • Холын фокал урттай дуран ашигла. Макро дурангаас тэс ондоо зохиомж, орон зайн мэдрэмж, арын дэвсгэр зохиомж гэрэл удирдах боломж өгдөг.
  • Хавар цагт зэрлэг цэцэгс өнгөө гоогоо ид гайхуулдаг цаг. Энэ үед байгалын сайхан цогцолсон газар руу аялж цэцэгсийг уул хад, гол нууртай хослуулж, өргөн тал, мал айл хотолтой зохиомжилж урлагийн бүтээл хий. Дурсгалт байшин барилга, усан оргилуур, хөшөө дурсгалын бүтээл орчим цэцгийн мандлыг анхааралдаа ав. Ид сайхан цэцэглэх үесийг бүү алд.

Responsive image

Цэцэг ургамлын зураг авах арга барил, ямар нэгэн дүрэмд баригдахгүй, хаана хэзээ ямар нөхцөл байдлаас үл шалтгаалан зураг авагчийн зохиомж зураг буулгах арга барилаас шалтгаалдаг урлаг болой. Зөвхөн цэцэг ургамлын төрөл зүйлээр дагнан мэргэшсэн гэрэл зурагчид хүртэл байдаг. Хэдхэн зураг аваад болохгүй чадахгүйгээ гайхах хэрэггүй. Google+ коммунити, Flickr-ийн зурагчдаас суралц. Арга барилыг нь судал. Бүтээлүүдийг нь давтан техник мэдлэгээ сорь. Эндээс л таны бүтээлч чанар эхэлнэ шүү дээ. Бүү шантар.

Responsive image

Responsive image

Responsive image

Responsive image

Responsive image


болон бичлэг


Асуулт, Хариулт