Modulation Transfer Function

Гэрлийн долгион дурангийн элементээр дамжихдаа хүчнийхээ нэлээд хувийг алддаг. Энэ алдагдалыг contrast-н алдагдал гэж ойлгож болно.

Responsive image

MTF график гэж юу вэ? Юуны тухай мэдээлэл, яагаад ийм өгөгдлүүдийг мэдэх ёстой гэж. Зарим тохиолдолд мэргэжлийн гэрэл зурагчдад чухам ямар өгөгдөлтэй дуран хэрэгтэй байгаагаа хайх шаардлага гардаг. Иймээс ямар үед ямар дурангийн сонголтыг та өөрийнхөө бүтээлч чадвартайгаа хослуулан ямар бүтээл гаргахаа мэддэг болчихвол таны кариерт чухал бус гэж үү? Хэрэв та дурангийн өгөгдлийг мэддэггүй, уншиж сурахыг хүсдэггүй бол маш чухал зэвсгээ хэрэглэж чаддаггүй дайчин гэсэн үг. Энд камерны их өрцний дугаар, фокус хурд, IS, фокусын зайны тухай биш үнэ хэмжээний тухай биш маш чухал мэдэгдэхүүн хөндөнө.

MTF график нь тухайн дурангийн оптик чанар өгөгдлийг илтгэдэг. Гэрэл зурагчид дуран сонгохдоо фокал урт, өрц тэгээд ур чадвар буюу MTF графикыг хардаг. Гэрэл зурагчид дурангийн тодрол ялгаралыг хэр сайн гаргах чадалтайгаар голчилдог ярилцаж маргалддаг. Магад үгүй тэдний нэг чи болов уу.  Гэрлийн ямар орчинд, ямар төрөлд, ямар чиглэлийн уран бүтээлч зураг авч байна гэдгээс шалтгаалаад дурангийн Sharpness (тодрол ялгарал болон нягтрал сайн байх чанар) нь 100% шаардлага хангасан универсал дуран гэж байдаггүй. Макро зурагчид байгалын зурагчдаас sharpness-н тухай өөр өөр амт ярьдаг байх жишээтэй.

Sharpness бол resolution (шугамын нягтрал) болон contrast (шугамын тодрол)-н нийлбэр юм. (Яагаад шугамын гэж тодотгосон нь доор тайлбарлагдана) Оптик зохион бүтээгч инженерүүдэд дурангийн resolution чанарыг сайжруулахад contrast чанар мууддаг, contrast нь сайжрахад resolution чанар мууддаг хүндрэл гардаг юм байна. Ийм учраас олон төрлийн үзүүлэлттэй дурангуудыг тухайн даалгаварт зориулан гаргадаг байна. Яагаад тийм олон төрлийн дуран үйлдвэрлээд байдгийн учир одоо л онгойж харагдаж байна уу? Zeiss-ийнхэн маш сайн resolutionтай дуран үйлдвэрлэдэг байхад, Leica-ийнхэн contrast сайн дуран хийдэг жишээтэй.

Resolution & Contrast

Хар цагаан хоосон тэгээд цагаан гэх мэтчилэн дараалсан шугамнуудын жагсаалт байна гэж бодвол тэдгээрийн contrast-г юу ялгаж өгөх вэ? Хар шугамын утгыг цайруулж, дараа нь цагаан шугамын утгыг бараан руу шилуүүлэх гэх мэтээр үйлдэл гүйцэтгэвэл тодорхой давтамжийн дараа хоёр шугамын ялгааг олж харахгүй болно. Өөр нэг жишээ, цагаан цаасан дээр цагаан шугам байна гэж төсөөлбөл чи ямар нэгэн өнгөний ялгаралыг олж харахгүй, өнгөний ялгарал байхгүй учраас resolution гэдэг ойлголт гарахгүй. Шугам харагдахгүй. Иймээс resolution бол контрасттай зэрэгцэн оршино, сontrast-тай нөхцөлд resolution-ий тухай яригдах болно.

<

p>Resolution бол ихэнхдээ мм-т ногдох мөрийн тоогоор (L/mm) буюу мөрийн хослолоор (LP/mm) илэрхийлэгддэг. Гэрэл зурагт LP/mm хэмжигдэхүүнийг хэрэглэдэг. Инженерын онолд хар мөр бүр яг ижил цагаан мөртэй зэрэгцэж байдаг учир L/mm ийг хэрэглэнэ. DPI(Dot per Inch), PPI(Pixel per inch) нэгжүүдтэй харьцуулж ойлговол төстэй. Доорх диаграмаас contrast-н цар хүрээ ялгааг харж болно.

Responsive image

Цул хар болон цагаан мөрүүд (тод ирмэгтэй) хар цагааны тодрол буюу contrast сайн харагдаж байна. Дээд мөрний хар цагаан мөрүүд хоорондоо уусалттай байгаа учир тодрол бага, contrast муу харагдаж байна.

Хэрвээ та өргөн өрцөөр, талбарын гүн багатай зураг авч байна гэж бодвол (мм-т оногдох мөрийн тоо бага) contrast-н цар бага байна. Нөгөө талаар талбарын гүн ихтэй бага өрцөөр авч байгаа бол илүү сайн contrastтай байна. Resolution-ий ялгаа нь F2.8 дээр 10L/mm, F8 30L/mm байх жишээтэй. Sharpness сайн дуран нь ерөнхийдөө resolution чанар илүү гэхээсээ харагдах contrast чанар сайн байхыг чухалчилдаг.

MTF Графикын Тодорхойлолт

Responsive image

MTF (Мodulation Тransfer Function) - зургийн contrast(modulation) дурангийн элементээр дамжин сенсорт буухдаа алдагдсан алдагдлыг харуулдаг график хэмжигдэхүүн юм. Гэрлийг (contrast) 100% дамжуулдаг идеал дуран хийх боломжгүй. Гэрлийн долгион дурангийн элементээр дамжихдаа хүчнийхээ нэлээд хувийг алддаг. Энэ алдагдалыг contrast-н алдагдал гэж ойлгож болно. Тест хийхдээ дурангийн төв болон зах хүртэл байрлах өөр өөр байрлалд хэмждэг.

Зүүн гар талд Canon 50mm F/1.4 дурангийн MTF графикыг харуулсан байна.

Босоо тэнхлэг →  0-ээс 1 хүртэл хувиар (%) тэмдэглэнэ, 0-100% гэж шилжүүлж ойлгоно. Босоо тэнхлэгийн 0.3 нь 30%, 0.5 нь 50%, 1 нь 100% contrast-ийг тус тус илэрхийлнэ.

Хэвтээ тэнхлэг → 0-ээс 20 хүртэл мм-р тэмдэглэгдэнэ. Энэ нь дурангийн төв гол цэгээс өнцөг хүртэлх зай юм. Өөрөөр хэлбэл дурангийн төв нь 0, харин 5, 10, 15, 20 нь дурангийн төвөөс өнцөг хүртэл зайнуудын радиус болно.

Responsive image

MTF графикын хэвтээ тэнхлэг нь дурангийн радиустай харгалзах байдал.

Дотор байгаа дөрвөн өнцөгт нь камерын сенсорын талбай юм.

APC-S сенсортой буюу 1.6X (cropped sensor) камерт хэвтээ тэнхлэгийн 13.5мм хүртэл, 35мм камерт 18мм хүртэл өгөгдлүүд хамаарах ба, түүнээс цааш өгөгдлүүд таны дуранд хамаарахгүй гэсэн үг.

Contrast өгөгдлийн муруй шугамууд графикын босоо тэнхлэг 1 рүү ойр байх тутам дурангийн чадвар сайн. Дээрх зурагны хөх, хар, бүдүүн, нарийн, үргэлж, тасархай 8 өөр шугам тус тусдаа өөр өөр чадварыг илэрхийлнэ.

  • Бүдүүн шугам 10 LP/mm үеийн хэмжилт (бага resolution)
  • Нарийн шугам 30 LP/mm, (өндөр resolution)
  • Хар шугам дурангийн хамгийн өргөн F дугаар дээрх хэмжилт.
  • Хөх шугам дурангийн өрцний нээлт F8 дээр хийгдсэн тест (the “sweet spot”)
  • Үргэлж шугам нь meridonial
  • Тасархай шугам нь sagital хэмжилтийн утгыг тус тус заана

Responsive image

MTF графикын тестын байны зураглал

35мм хүрээний дээд баруун өнцгөөс доод зүүн өнцөг хүртэл татсан диогнальтай давхцах тестийн таван зэрэгцээ шугамуудыг sagital (S) шугам гэнэ. Sagital-тай 90 хэмийн зөрөөтэй байгаа нөгөө таван шугамыг Meridional (M) шугам гэнэ. Эдгээр Sagital болон Meridional шугамууд тестын дугуй нүд болгонд байрлана. Энгийнээр хэлбэл өөр өөр resolution дээр хэмжилт хийнэ. Тестын байнд 0-100 хос мөр мм бүрт агуулагдах дөрвөлжингүүд диогнал дагуу байрладаг байна.

MTF Графикыг яаж унших вэ

Бид графикыг харахдаа бүдүүн, нарийн, хөх, хар, шугамнууд (тахир шугам) хэдий чинээ өндөр 1-д ойр, хэвтээ тэнхлэгтээ 0-20мм хүртэл шугамын уналт бага байгааг хамгийн түрүүн анзаарна. Энэ нь contrast хэр сайн өгдөгийг харж байна гэсэн үг.

  • Бүдүүн шугам буюу 10LP/mm-н шугам - Хэдийчинээ 1 рүү ойр байна төдийчинээ өндөр contrast-тай.
  • Нарийн шугам буюу 30LP/mm-н шугам - Хэдийчинээ 1 рүү ойр байна бодит resolution ба ялгах чадвар (micro-contrast) сайн.
  • Хар болон хөх шугамнууд хоорондоо хэр ойр байна, маш сайн дуран.
  • Ерөнхийдөө, бүдүүн 10LP/mm шугам - 0.8-с дээш бол мэргэжлийн өндөр чанартай дуран маш сайн чанартай зураг боловсруулдаг. 0.6-с дээш бол сэтгэл хангалуун гэхдээ тийм сайн биш, 0.6-с доош бол боломжын боловч мэргэжлийн шаардлага хангахгүй.
  • Босоо тэнхлэг дагуу шугамын уналт хэдий бага байна, нийтдээ нэг өнцгөөс эсрэг өнцөг хүртэл сайн чанартай зураг боловсруулж чадах дуран байна.
  • Хөх шугам - Талбарын гүн цэгийн тодролын чанарыг илтгэнэ. Байгалын зурагт нэн хамаатай өгөгдөл. Энэ шугамыг үргэлжид дурангийн өрцний F8 дээр тест хийгдсэн гэдгийг санах хэрэгтэй.
  • Бүдүүн шугам - өндөр байх тутам зургийг илүү 3 хэмжээслэг болгож харагдуулдаг.
  • Мөн MTF графикаас дурангийн bokeh (boke (暈け or ボケ), уусалт гэрэл зурагт,боуке/ˈboʊkɛ/ ) гэгдэх илэрхийлэмжийг унших боломжтой. Япон гаралтай энэ үг зургийн фокуснаас халисан хэсгийн хэлбэрийг тодорхойлоход хэрэглэгддэг. Зарим дурангууд фокусын халилтыг маш гүн гаргадаг байхад, зарим нь хангалтгүй гаргадаг. Үүнийг илэрхийлэхэд нөгөө Sagittal болон Мeridional шугамууд хоорондоо хэдий ойрхон байна төдийчинээ дурангийн bokeh илүү сайхан илэрхийлэгддэг. Гайхалтай аан.

Responsive image

дээрх зурагт шөнийн гудамжны гэрлийн bokeh эффектийг сайхан зохиомжилж харуулсан байна

MTF график дурангийн ур чадварын тухай гайхалтай сайхан хэлэх боломж олгох боловч бусад нэлээд чухал тодорхойлолтуудыг хэлж чаддаггүй.Жишээ нь

  • Color quality and chromatic aberrations (Өнгөний чанар ба өнгөний сувгийн гажилт)
  • Distortions (Зургийн гадаргууны гажилт)
  • Vignetting (Зургийн төвөөс зах руу гэрлийн эрчим буурах үзэгдэл)
  • Flare (Гэрлийн урсгал дурангийн элементүүдэд ойсноос үүсэх үзэгдэл)

Энэ сэдэвт орж байгаа графикууд Canon фирмийн дурангийн өгөгдөл дээр үндэслэгдсэн болно. Учир нь Canon (Leica, Contax/Zeiss) фирм бүх дурангийнхаа графикийг хавсаргаж нээлттэй мэдээлэл өгдөг. Хэрэв өөр фирмийн дуран худалдаж авах гэж байгаа бол дурангийн MTF өгөгдөлийг тухайн фирмийн үйлдвэрээс гаргасан тест MTF графикыг уншиж ойлгосон байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөр өөр хэмжигдэхүүнтэй, тэмдэглэгээтэй байх боловч MTF график унших ерөнхий аргачлал нь ижил юм. Дурангийн сонголт зөв бол таны хэтэвчинд ээлтэй байх нь дамжиггүй. Энэ бичлэгийн зорилго бас үүнд оршино.

Эцэст нь

MTF графикыг жинхэнэ хөдөлшгүй үнэн гэж туйлшруузай.  Хямд үнэтэй дурангууд тийм муу гэсэн үг биш. Надад гэрэл хангалттай өг тэгвэл би хямд дурангаар сайн бүтээл хийе гэвэл бүү маргаарай. Гагцхүү таны ур чадвар дурангийн дутагдлыг нөхөх эсэх л мэднэ.

Энэ сэдвийг бичихэд олон материал уншиж мэддэггүй олон санаа байгааг илрүүлсэнээ хэлэхэд таатай. Гэвч энд бичигдсэн онол бол эхлэл төдий. Цааш олон зүйлийг зөвхөн энэ сэдвээр өгүүлж болно. Ерөнхийдөө үндсэн гол мэдээлэл танд хүрсэн бол дурангийн чухал өгөгдлүүдийг уншиж чадах зэвсэгтэй болов. Та үнэхээр энэ сэдвийг уншаад сэтгэл таатай байгаа бол би ч бас эндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Таны сэтгэгдэл үлдээх эрх нээлттэй байгаа шүү ;) Амжилт!

Баярлалаа.


болон бичлэг


Асуулт, Хариулт